“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НЭГЖ

“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НЭГЖ

08 дугаар сарын 18, 2017

"Эрдэнэс Таван толгой” ХК стратегийн ач холбогдолтой коксжих нүүрсний Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах татвар болон бусад төлбөр хураамжаар улсын төсөвт тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлэхийн сацуу хүн ам, нийгэм, байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах тодорхой бодлого, зорилтуудыг тавин ажиллаж байна.

Байгалийн үндсэн бүрэлдэхүүнүүд болох хөрс, ус, агаарын өөрчлөлтийг жилийн турш тогтмол явуулах мониторинг, судалгааны ажлаар хянаж гарах мэдээлэл дээр үндэслэн байгаль хамгаалах ажиллагаа, хэтийн нөхөн сэргээлтийг бүс нутагт ээлтэйгээр явуулах зорилгыг баримтлал болгоно.

Компаний нөхөн сэргээлтийн чиг хандлага нь өөрчлөлтөнд өртсөн орчныг аль болох унаган төрхөнд нь ойртуулах, хүн мал амьтанд аюулгүй байдлаар уурхайн хаалтыг төлөвлөхөд оршино.

Одоогийн байдлаар техник биологийн нөхөн сэргээлт эхлээгүй, харин нөхөн сэргээлтийн суурь, бэлтгэл ажлууд хийгдэж байна. Үүнд, шимт хөрсний овоолгыг стандартын дагуу хуулж тусгай овоолгод байршуулан салхины элэгдэл хорогдол, үржил шимийн алдагдлаас сэргийлэх зорилгоор тэгшилсэн гадаргууд ургамалжуулалт хийгдэж байна.

Эдгээр болон бусад асуудлуудыг байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тодорхой тусгаж жил бүр байгаль орчин хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлуудын цар хүрээ, хөрөнгө зардлыг төлөвлөх замаар байгаль орчныг хамгаалах зорилгоо биелүүлж байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан төлөвлөн хэрэгжүүлж буй гол ажлуудыг дурдьвал:

  • Нөхөн сэргээлтийн туршилтын хүрээнд уурхайн оффисын хажууд 0.25 га талбайг сонгон авч техник-биологийн нөхөн сэргээлтийн симулятор байгуулав.
  • Ногоон байгууламжийн өргөтгөх ажлын хүрээнд уурхайн ажилчдын хотхон, мод үрсэлгээний талбайд модлог ургамлыг үрээр, мөчрөөр, суулгацаар тариалж ургуулж байна
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд уурхай орчмын малчдын худгийг засварлах, булаг шандыг хамгаалах ажлыг гүйцэтгэж байна
  • Ус, агаар, хөрсний төлөв байдлын өөрчлөлтийг хянах багаж төхөөрөмжөөр хангаж хэмжилт, шинжилгээ судалгааг явуулж байна
  • Уурхайн ашиглалтын талбайд илэрсэн олдворуудад археологийн авран малтах судалгааг хийлгүүлж түүх соёлын өвийг хамгаалсан
  • Ирээдүйн нөхөн сэргээлтийн чухал хэсэг болох шимт хөрсийг уурхайг нээсэн цагаас хойш тусгай талбайд зохих стандартын дагуу овоолж, хамгаалсаар ирсэн. Төлөвлөгөөт онд шимт хөрсний үржил шимийг алдагдуулахгүй байх зорилгоор стандартын дагуу гадаргууг ургамалжуулах, үүнтэй холбоотой усалгааны системийг суурилуулах, хуваарьт ажилбаруудыг тусгасан дэд төлөвлөгөө, дүрэм журмыг боловсруулан мөрдөж байна
  • Хог хаягдлын журмыг боловсруулан уурхайн хэмжээнд, гэрээт байгууллагуудад мөрдүүлж ажиллаж байна