Уурхайн Б,Г ээлжийн ажилтнуудтай уулзлаа

Уурхайн Б,Г ээлжийн ажилтнуудтай уулзлаа

 

 

Уурхайн Б,Г ээлжийн ажилтнуудтай уулзлаа

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг , Худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай, уурхайн дарга Д.Чинбат нар уурхайн Б,Г ээлжийн ажилтнуудтай 2018 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд уулзлаа. Б.Ганхуяг захирал уулзалтын эхэнд, компани өнөөдрийн байдлаар гадаад, дотооддоо өргүй болж, ингэснээр нөөцийн үнэлгээг баталгаажуулах, стратегийн томоохон төслүүдэд оролцох, уурхайг хөгжүүлэх нэгдүгээр шатны гараанд гарсныг онцолж, нийт ажилтнуудаа нэг тэмүүлэл, хүсэл зорилготойгоор улам урагшилж, эрчтэй ажиллахыг хүслээ.
Компанийн хувьд өргүй болсноор их бүтээн байгуулалт буюу төслийн хөгжлийн эхний үе шатад шилжиж буй бөгөөд стратегийн томоохон төслүүдэд оролцох, уурхайг хөгжүүлэхэд юуны түрүүн уурхайн парк шинэчлэлийг хийж, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчинг бэхжүүлж, ажилчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.
Уулзалтын үеэр уурхайчдын зүгээс хэзээ өөрсдийн тоног төхөөрөмж, машин техниктэй болох вэ, уурхайд хөлсөөр ажиллаж буй 16 ажилтанг үндсэн ажилтан болгох боломжтой юу, цалин тодорхой хувиар дахин нэмэх боломжтой юу, TTJVCO-д харьяалагдаж буй 230 ажилтан компанид нь хэзээ буцааж татах вэ зэрэг асуултуудыг тодруулж, хариултуудаа авсан юм.
Компани өөрийн техник туслах тоног төхөөрөмжтэй болохоор ажиллаж байгаа бөгөөд 2018 онд парк шинэчлэлээ бүрэн хийгээд явах юм. Энэ дагуу эхний ээлжинд 2 ширхэг авто ачигч худалдан авч байгаа нь удахгүй уурхайд ирэх аж. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж буй 16 ажилтанг энэ ондоо багтаан үндсэн ажилтан болгож, TTJVСo-ийн 230 ажилтныг татаж авахаар ажиллаж байна. Нийт ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарсан шат дараалалтай арга хэмжээнүүд авах бөгөөд санал, судалгаанд үндэслэсэн бодлогын баримт бичигтэй болохоор ажиллаж. Төлөөлөн Удирдах Зөвлөлдөө саналуудаа хүргүүлээд байгаа юм. Ялангуяа орон сууцны хөнгөлөлт болон ажилчдын нийгмийн томоохон асуудалд анхаарсан өөр ямар урамшуулал байж болох талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.