МЭДЭГДЭЛ

01 дугаар сарын 10, 2018

 Төрийн өмчит "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах зорилготой ор үндэслэлгүй, гүтгэн доромжилсон "Эрдэнэс-Таван толгой” ХК нүүрсний ченж "Винсвэй”-г шилдэг харилцагчаар өргөмжилжээ” гарчигтай мэдээллийг "Shuud.mn” сайт нь 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр байршуулсан байна.

"Shuud.mn” сайт нь  Лүндэгийн Наранбаатар @Naranbaatarl твиттер хаягаар жиргэсэн мэдээллийг  эх сурвалжаа болгон Б.Энэрэл автортайгаар дээрх мэдээллийг бэлтгэсэн бөгөөд энэхүү гүтгэлгийн чанартай материалаа мөн "ikon.mn” сайтад тараан байршуулсан болно. 

Дээрх сайтууд нь эх сурвалжийн мэдээллийг нягтлахгүйгээр, худал, гүтгэлгийн шинжтэй материал нийтэлсэнд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс харамсаж буйгаа илэрхийлж байна.

 "Эрдэнэс-Таван толгой” ХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл дотоод, гадаадын олон харилцагч байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэхүү хугацаанд шилдэг харилцагч гэсэн шагнал байгаагүй, мөн ийм нэртэй шагналаар ямар ч компанийг шалгаруулан өргөмжлөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 

Иймд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаа, хамт олныг нэр төрийг зориудаар гутаан доромжилж, мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалахгүйгээр худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээн тарааж байгаа явдалдаа уучлал хүсэж, залруулга гаргахыг нэр дурдсан сайтуудаас шаардаж байна.

Мөн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэгч "Winsway” компанийн  жолооч нар Ганц модны боомтод эсэргүүцэл илэрхийлж, хил  дээр гацаа үүсгэж байна гэсэн агуулгатай мэдээлэл цацагдаж байгаа нь манай компанитай холбоогүй асуудал бөгөөд уг үйлдэл нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байгаа болно.

"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИ

2018.1.10