Засгийн газрын гишүүд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Засгийн газрын гишүүд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

11 дугаар сарын 14, 2017

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарын холбогдох албаны хүмүүс Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй нүүрсний компаниудын үйл ажиллагаа болон Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай 2017 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд танилцлаа. 

Засгийн газар, УИХ-ын гишүүдийн зүгээс нүүрсний экспорт буурч буй шалтгаан нөхцөлтэй газар дээр нь очиж танилцах замаар цаашид явуулах бодлогын арга хэмжээгээ тодорхойлох зорилготой ажилласан юм. Компанийн удирдлагууд албаны хүмүүст уурхайн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох бүхий л мэдээллийг өгсөн юм.
"Эрдэнэс-Таван толгой” ХК дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу нүүрсээ борлуулсны дүнд ашигтай ажиллаж эхэлсэн болно.
Тус компани төсөвт төвлөрүүлсэн 5 жилийн орлогыг нэг жилд давуулан биелүүлэх боломжтой байгаа бөгөөд 2017 онд гуравдугаар улирлын байдлаар 343 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 977 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 220 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, 5000 гаруй хүнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган, дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийт 1.3 их наяд төгрөгийн худалдан авалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, боловсролыг дэмжих чиглэлээр нийт 1 тэрбум гаруй төгрөг зарцуулаад байна. 
Чалкогийн өрийг 2017 оны 3 дугаар сард багтаан бүрэн барагдуулснаар гадаад талдаа өргүй болсон бөгөөд саяхан Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн байсан өрийн 50 хувийг буюу 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болж байна.
"Эрдэнэс Таван толгой” ХК энэ жил 13 сая тонн нүүрс олборлож, 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс одоогийн байдлаар 7.7 сая тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд хилийн нэвтрүүлэх чадвараас шалтгаалан оны эцэс гэхэд нэмж 2 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно.
Энэ жилээс "Эрдэнэс-Таван толгой” ХК хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийх, цанхийн ордынхоо нөөц дээр нарийвчилсан хайгуул, Бор тээгийн хайгуулын ажлыг эхлүүлээд байна. Компани эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд гадна, дотнын хувьд өргүй болж ашигтай ажиллаж эхэлж байгаа болон нөөц өсөх зэрэгтэй холбоотойгоор IPO хийх бэлтгэл ажлууд хийгдэж байна.