“Эрдэнэс-Таван толгой” ХК говийн бүсийн чуулга уулзалтад амжилттай оролцлоо

“Эрдэнэс-Таван толгой” ХК говийн бүсийн чуулга уулзалтад амжилттай оролцлоо

11 дугаар сарын 14, 2017

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулсан уул уурхайн салбарынхны Говийн бүсийн чуулга уулзалтад "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөл амжилттай оролцлоо. 

 

Энэ сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжилсэн уг чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон холбогдох яамдын төлөөлөл, "Эрдэнэс Таван толгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Бямбасүрэн, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн Засаг дарга, газар хэлтсийн дарга нар, "Эрдэнэс-Монгол” ХХК "Оюутолгой”ХХК, "Тавантолгой”ХК, "Шивээ Овоо” ХК, "Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн төлөөллүүд, НҮБ, СЕСМИМ, "Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага”ТББ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов. 
Чуулга уулзалтад "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Бямбасүрэн "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж хэлсэн үгэндээ "газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч. Өмчийн үр шимийг Монголын ард түмэн хүртэх ёстой. Эрдэнэт, Оюутолгой, "Эрдэнэс-Таван толгой”, Багануур, Шивээ-Овоо зэрэг томоохон төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй болгож, Хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаат компани болгож, сайн засаглалтай, ил тод, нээлттэй компани болгоно” гэж онцлов. 
Уул уурхайн салбар экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд 2017 оны эхний 9 сарын байдлаар уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн орлого 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд нүүрсний олборлолтын орлого 2.1 их наяд төгрөг, металлын хүдрийн олборлолтын орлого 802.6 тэрбум төгрөг болж өссөн нь гол нөлөө үзүүлжээ.