Д.АРИУНБОЛД: ХӨГЖЛИЙН БАНКНЫ 200 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ БАРАГДУУЛСАН

Д.АРИУНБОЛД: ХӨГЖЛИЙН БАНКНЫ 200 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ БАРАГДУУЛСАН

Д.Ариунболд: Хөгжлийн банкны 200 сая долларын зээлийг барагдуулсан

эх сурвалж news.mn /2018.3.28/

 

 

Эдийн засгийн хөгжлийн форумын салбар хуралдаан "Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Тус салбар хуралдаанд "Эрдэнэс- Таван толгой” компанийн захирал Д.Ариунболд оролцож илтгэл тавьсан юм. Энэ үеэр "Эрдэнэс –Таван толгой” компани Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг төлж дуусгасан тухай мэдээллийг өглөө. Иймээс бид дараах тодруулгыг хийлээ.

 

-Эрдэнэс-Таван толгой” компани өнгөрсөн жил "Чалько” компанийн өрийг барагдуулж дуусгаж байсан. Энэ жил Хөгжлийн банкны өрийг барагдуулжээ. Одоо өргүй болсон гэж ойлгож болох уу?

-"Тийм ээ, "Эрдэнэс-Таван толгой” компани Чалько компанид 100-гаад сая ам.долларын өртэй байсныгаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд төлж бүрэн барагдуулсан. дуусгасан. Гадаад өргүй болсон учраас дотоод өрөө төлөхөөр ажилласан.

Хөгжлийн банкинд 200 сая ам.долларын өр байсан. Эхний ээлжинд 100 сая долларын зээлээ төлсөн. Хоёр сар гаруйн өмнө 50 сая ам.долларыг барагдуулсан, харин өчигдөр үлдэгдэл 50 сая долларыг төлж, дуусгалаа. Одоо зээлийн хүү нь гэж багахан хэмжээний өр бий. 10-20 сая ам.долларын л өр үлдсэн. Ойрын хугацаанд барагдуулж дуусгана. Хөгжлийн банкнаас зээл авснаас хойш хүүг нь огт төлж байгаагүй юм билээ. Бид тус банктай гэрээ байгуулаад тодорхой графикын дагуу үлдсэн хүүгийн төлбөрийг хийнэ.

-Таныг ажил авснаасхойш "Эрдэнэс-Таван толгой" компани хэдий хэмжээний өрийг барагдуулаад байна вэ?

-Нийтдээ 350 гаруй сая ам.долларын өрийг барагдуулж дууссан. Одоо компани гадаад болон дотоодод ямар ч зээлийн өргүй болсон.

-Энэ онд хэдий хэмжээний нүүрсний экспорт хийх вэ?

-Энэ онд 10 сая тонн нүүрс экспортлох шийдвэрийг "Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан. Одоогийн байдлаар 3 сая тонн нүүрс экспортлоод байна. Сар тутамд 1 сая тонн нүүрс экпортолбол төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломж байгаа.

-Нүүрсний үнийг энэ онд өсгөх боломж гарч байгаа юу?

-Нүүрсний үнийг сонгон шалгаруулалтаар зарлаад тодорхой үнийн баримжаа гаргадаг. Дээр нь судалгаа хийдэг. Энэ оны төвшинд нүүрсний үнэ тогтворт ой байна гэсэн экспертүүдийн дүн гарсан. Нэг тонныг нь 68.1 доллараар борлуулж байна.

-Нүүрсний тээвэрлэлт нэлээд асуудал дагуулдаг. Одоо ямар байгаа бол?

-Засгийн газрын тогтоол гарснаар олборлосон нүүрсээ ачилт хийгээд Цагаан хадан дээр буулгаад, цааш нь компаниуд экспортолж байгаа. Цагаан хадан дээрх нүүрсний овоолго нэлээн их болсон байна лээ. Цагаан хаднаас цааш хилээр гарч байгаа гаралт дээр дараалал үүссэн. Энэ нь хилээр нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой. Өдөрт 600-700 машин гарч байна. Нүүрсний овоолгууд их хэмжээгээр үүсэхээр тээвэрлэлт хүндэрч магадгүй.

 

"Эрдэнэс Тавантолгой”: Гадаад, дотоод өргүй боллоо

2018.3.30 mongolianminingjournal

Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн "Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Компанийн үр өгөөжийг дээшлүүлэх, томоохон төслүүдийг эргэлтэд оруулах, иргэдийн хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх” сэдвээр илтгэснийг тоймлон хүргэж байна.

 

"Эрдэнэс Тавантолгой” компани 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тавантолгой ордын зүүн, баруун Цанхийн хэсэг дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Эл ордын нийт нөөц JORC стандартаар 7.4 тэрбум тонн нүүрстэй гэсэн үнэлгээтэй. Орд нь дэлхийн тэргүүлэх зах зээл БНХАУ-ын хилээс 250 км зайд оршдог.

 

Баруун Цанхийн үйл ажиллагаа 2016 оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Энэ хэсэгт "Монгол уурхайчин” нэгдэл ажиллаж байгаа. Тендерийн хугацаа дууссан тул удахгүй зарлана. 2017 оны үзүүлэлтээр компани 20 сая дахь нүүрсээ экспортолсон. Мөн оноос нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар анх борлуулж эхэлсэн. Хамгийн өндөр үнээр, богино хугацаанд тээвэрлэх чадвартай компаниудад борлуулах боломж нээгдсэн. Тавантолгойгоос Гашуунсухайтын авто зам хүртэлх 8.2 км замыг тавих тендер зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгарсан. Энэ онд багтаан зам ашиглалтад орно. Ингэснээр ордоос боомт хүртэл бүрэн авто замтай болох юм.

 

Өнгөрсөн 7 жилийн хугацаанд орд газарт хайгуулын ажил бараг хийгдээгүй. Одоо Цанхийн хэсэгт 63 тууш метр хайгуул, Бортээгийн хэсэгт өрөмдлөгийн ажлууд явагдаж байна. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын ажлын үр дүнд 2020 он хүртэл олборлох нөөцийн хэмжээг тодорхойлно. Бортээгийн хэсэг дээр өрөмдлөгийн ажлын үр дүн маш сайн гарч байгаа. Тэгэхээр ордын үнэлгээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Хятадын "Чалко” компанийн олон жил сунжирсан өрийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд бүрэн барагдуулж дууссан. Өрийг хугацаанаас нь өмнө дарж барагдуулснаар ханш болоод үнийн зөрүүнээс 12 сая ам.долларын хэмнэлт хийсэн. Гадаад өр төлбөрөөс гадна дотоодйын өрийг барагуулж дуссан. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийн 100, 50-ийг өмнө нь төлсөн бол энэ сарын 27-нд үлдэгдэл 50 сая ам.долларыг барагдууллаа. Түүнчлэн олборлогч компанийн 60 гаруй сая ам.долларын өр ч төлөгдөж дууссан. Тиймээс одоо "Эрдэнэс Тавантолгой” компани гадаад, дотоод ямар ч өргүй.

 

1072 хувьцаа эзэмшигчид компанийн балансад бүртгэгдсэн

 

Хувьцаа эзэмшигчид компанийн баланс дээр бүртгэлгүй байсан. Засгийн газрын тогтоолын дагуу 1072 ширхэг хувьцааны бүх эзэмшигчдийн бүртгэлийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тооцож компанийн баланст орууллаа. Одоо компанийн баланс 11.9 их наяд төгрөг буюу дунджаар 7.4 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Ингэснээр компани болон нийт хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаажсан гэсэн үг. 2017 онд 10,1 сая тонн нүүрс олборлож, 8.4 сая тонныг экспортолсон бөгөөд борлуулалтаас 1.1 их наяд төгрөгийн орлоготой ажиллалаа. Улсад 243 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Компанийн ашиг 659 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нүүрсний овоолго 3 сая тонн байсан бөгөөд үүнээс 1 сая тонныг нь борлуулаад байна. Үүнээс гадна хөрсийг нь хуулаад овоолгод нийлүүлэх бараг 3 сая тонн орчим нүүрс бэлэн. Зардал шингэсэн зөвхөн ачилт хийхэд бэлэн, компанид ашиг болох нүүрс гэсэн үг. Энэ нь дунджаар 200 сая ам.доллартай тэнцэхүйц юм.

 

Баяжуулах үйлдвэртэй болтлоо "Энержи Ресурс”-ийн Баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаалгана

 

Одоогийн байдлаар нүүрсээ түүхийгээр нь, уурхайн амны үнээр, машинаар тээвэрлэн экспортолж байна. Цаашид компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд томоохон төслүүдээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд говийн бүсэд юуны түрүүнд ус хэрэгтэй. Энэ асуудлаар хоёр нөхцөлийг тооцоолж байна. Нэгдүгээрт, Хэрлэн голын урсацад тохируулга хийж өмнийн говийн бүс рүү татах асуудал нэлээд эртнээс яригдаж байгаа. Үүнийг дэмжиж, зоригтой алхам хийх зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, Загийн усны хоолойн нөөцөөс ус ашиглах зөвшөөрлийг компани авсан. Засгийн усны хоолой нь ордоос 70 гаруй км зайд оршдог. Эхний ээлжинд эндээс хоолой татаж, нүүрс угаах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулах төслийг төлөвлөж байгаа.

 

Тавантолгой цахилгаан станцын төслийг мөн дэмжин ажиллах бодлого барьж байна. Энэхүү станцад шаардлагатай жилийн 2 сая тонн эрчим хүчний нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой” компани нийлүүлэх бүрэн боломжтой. Баяжуулах үйлдвэрийн төслийн хувьд эхний ээлжинд 5 сая тонн, ирээдүйд 20 сая тоннд хүргэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөөлөл бий. Төсөл хэрэгжих хүртэл "Энержи Ресурс” компанийн Баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаалгах байр суурь хэвээр. Энэ асуудлаар хоёр компанийн хооронд байнга уулзалтууд хийгдэж яваа. Гол нь манай нүүрсний 0 давхарга гарч эхлээгүй. "Эрдэнэс Тавантолгой” компани үүсгэн байгуулагдаад 7 жил болсон хэдий ч ТЭЗҮ-ээрээ 5 дахь жилдээ явж байна. Учир нь анх ТЭЗҮ-ээр жилд 20 сая тонн нүүрс олборлож, экспортолно гэж төлөвлөсөн ч компани хамгийн дээд тал нь жилд 8 сая нүүрс экспортолсон. Тэгэхээр 0 давхаргын нүүрс гарахаар 0, 3, 4 дүгээр давхаргаа бүгдийг нь холиод "Энержи Ресурс” компанид нийлүүлэх, эсвэл Баяжуулах үйлдвэрт нь төлбөртэй угаалгах зэрэг хувилбарууд аль аль талдаа хамгийн зөв шийдэл гэж үзээд хоёр компани судалж байна. Ойрын үед дээрх хувилбараар туршилт хийх санал ч яригдаж байгаа.

 

IPO гаргахад хамгийн багадаа 1 тэрбум ам.доллар босгох боломжтой

 

Томоохон төслүүдээ хэрэгжүүлэх зорилгоор гадаадын биржээс хөрөнгө татах хувилбаруудыг судалж байна. Урьд нь компани өр төлбөртэй, алдагдалтай байсан. Одоо компани өргүй, ашигтай ажиллаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 20%-ийг гадны хөрөнгийн бирж дээр борлуулж IPO босгон төслүүдийн санхүүжилтээ олох бодлого барьж байна. Үүний тулд дотооддоо бэлтгэл ажлууд нэлээд хийгдэх ёстой. Эхний ээлжинд ордын үнэлгээг хийх хэрэгтэй. Ордын талбайд 50-100 метр тутам нарийвчилсан хайгуул хийж нөөцийг бүрэн тодорхойлох шаардлагатай. Ингэж байж ордын нийт үнэлгээ гарна. Ордын нөөц өсөх магадлал өндөр бөгөөд одоо хийгдэж байгаа хайгуулын эхний дүнгээр гэнэтийн хагарал, уналт үүсээгүй. Мэдээж, компанийн үйл ажиллагаанд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх ажлууд бүгд зэрэг хийгдэж яваа. Хөрөнгийн бирж дээр IPO гаргаснаар хамгийн багадаа 1 тэрбум ам.доллар босгох боломжтой гэж харж байгаа.

 

Цагаанхаднаас хилийн боомт хүртэл машинуудын дараалал эргээд нэмэгдсэн

 

Ачилтаа компани өөрсдөө хийнэ гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнтэй холбогдуулан ачилт хийх 2 шинэ техник захиалсан бөгөөд ирэх хоёр сард багтаад ирнэ. Ачилтаа өөрсдөө хийснээр зардлын 50% нь ашиг болж компанид орох учиртай. Жил хагасын дотор шинэ техникүүд худалдан авсан зардлыг нөхөхөөр тооцсон. Түүнчлэн конвейерийн системтэй болсноор зардлаа мөн 30% хэмнэх юм. Гашуунсухайт авто зам өдөрт дунджаар 770 орчим ачаатай тээврийн хэрэгсэл даах чадвартай. Гэтэл өнөөдөр бараг 800 гаруй машин тогтмол тээвэр хийж байна. Хамгийн ихдээ ачаатай 1322 машин явж байсан. Авто замын ачаалал нэмэгдэж буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордоос боомт хүртэлх тээвэрлэлтийн "уртын урт” чиглэлийг болиулж, "уртаар” буюу уурхайн амнаас Цагаанхад, Цагаанхаднаас боомт гэсэн 2 чиглэлээр явж байна. Нэг хэсэг ачаалал буурч, экспорт нэмэгдэж байсан ч эргээд машинуудын түгжрэл үүссэн. Цагаанхаднаас хилийн боомт хүртэл машинуудын дараалал эргээд нэмэгдээд эхэлсэн. Энэ нь нэг талаараа БНХАУ-ын хилийн нэвтрүүлэх байдлаас бас шалтгаалж байгаа. Нэгдүгээр сарын байдлаар нүүрс тээвэрлэсэн 100 машин өдөрт хоёр улсын хилээр нэвтэрч байлаа. Хилийн нэвтрүүлэлт багасаад байх тусам компани өдөрт 1-2 сая ам.долларын алдагдал хүлээж байдаг. Компанийн хувьд өдөрт 600-700 машин нэвтрүүлэхэд балансаа барьдаг бөгөөд 1000 машин гаргах боломжтой.

 

Экспортоо нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Сангийн яамны дэргэд "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Гашуунсухайт боомт өдөрт 1600 машин нэвтрүүлэх чадвар хүрнэ. Ирээдүйд тус боомтоор 40 сая тонн нүүрс экспортод гаргах зорилттой. Өнөөгийн байдлаар Гашуусухайт боомтоор нүүрсний экспорт хийж буй тээврийн хэрэгслийн 56% нь "Эрдэнэс Тавантолгой” компанийх юм. 2018 онд бүлэг ордоос гурван компани нийт 24 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Ордоос хилийн боомт хүртэлх авто замыг сайжруулах чиглэлд 2 хос зам тавих төслийг хэрэгжүүлэхээр тендер нь зарлагдсан байгаа. Энэхүү төсөлд сонирхлоо илэрхийлсэн цөөнгүй хөрөнгө оруулагчдын дунд Хятадын талын хөрөнгө sоруулагчид ч бий. Хос зам тавигдсанаар жилдээ 40 орчим сая тонн нүүрс Гашуунсухайтын боомтоор экспортлох нөхцөл бүрдэнэ.

Өнөөдөр авто замаар нүүрсээ тээвэрлэснээс болж тээврийн зардал 20-30 ам.доллараар өртөгтэй байна. Төмөр замаар тээвэрлэвэл тээврийн өртөг 5-10 ам.доллар байх юм. Өөрөөр хэлбэл тээврийн зардал 2-3 дахин хямдарна. Жилд 30 сая тонн нүүрсийг 10 ам.доллараар тооцоход 300 сая ам.доллар төмөр замын тээврээс олно.

 

Ханги-Мандал боомтоор нүүрс экспортлох зорилттой

 

Түүнчлэн компанийн зүгээс Ханги-Мандалын боомтоор нүүрс экспортлох зорилттой. Уг боомтоор нүүрсээ экспортолсноор Монголын нүүрсний гол хэрэглэгч Бугатын гангийн үйлдвэрүүдэд ойртох юм. Ганц боомтын хамаарлаас ангижрахаас гадна Монголын нутаг дэвсгэрээр хийгдэх учир тээврийн бусад зардал дотоодод үлдэх давуу талтай. Тиймээс ордоос 430 км зайд орших Ханги-Мандал боомтыг авто замаар холбосноор нүүрсний экспортоо 30 орчим сая тонноор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарсан.

 

Тэмдэглэсэн Э.Од