П.Өлзийнаран: “Эрдэнэс-Таван толгой” ХК зөвхөн өгөөжөө хүртдэг, хаалттай хувьцаат компани байх ёстой

П.Өлзийнаран: “Эрдэнэс-Таван толгой” ХК зөвхөн өгөөжөө хүртдэг, хаалттай хувьцаат компани байх ёстой

П.Өлзийнаран: "Эрдэнэс-Таван толгой” ХК зөвхөн өгөөжөө хүртдэг, хаалттай хувьцаат компани байх ёстой

03 дугаар сарын 26, 2018

 

 

П.Өлзийнаран: “Эрдэнэс-Таван толгой” ХК зөвхөн өгөөжөө хүртдэг, хаалттай хувьцаат компани байх ёстой

 


 

П.Өлзийнаран: "Эрдэнэс-Таван толгой” ХК зөвхөн өгөөжөө хүртдэг, хаалттай хувьцаат компани байх ёстой

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Өлзийнарантай ярилцлаа.

- Ярилцлагын эхэнд та өөрийнхөө тухай товч танилцуулбал?

-Намайг Пүрэвтогтохын Өлзийнаран гэдэг. Уул уурхайн инженер эдийн засагч мэргэжилтэй. Магистр, Мэргэшсэн инженер. Уул уурхайн салбарт 1999 оноос хойш, нүүрсний салбарт 10 гаруй жил ажиллаж байна. ШУТИС, УУИС болон БНСУ Дунг-А их сургууль мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрийн зэрэгтэй төгссөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн гэхээр хувьцаа эзэмшигчдийнхээ эрх, ашгийг хамгаалсан, нэлээд өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс байх нь мэдээж?

-Мэдээж ТУЗ-ийн гишүүн гэдэг өөрөө чухал үүрэг бас хариуцлага. Хараат бус ТУЗ-ийн гишүүн нь хэн нэгэн төрийн эсвэл давуу эрхтэй хувьцаа эзэмшигч, цөөн хувьцаа эзэмшигч эсвэл олигарх, бизнесийн бүлэглэл, аливаа нэгэн нийгмийн бүлэглэлийг төлөөлөх биш харин хэнээс ч хараат бусаар мэргэжлийн түвшинд, олон нийтийн эрх ашгийг төлөө, цөөнхийн шийдвэрийг хүндэтгэн шударга зөвөөр алсын хараатай шийдвэрийг гаргахад оршдог. Өөрөөр хэлбэл, хүмүүст таалагдах шийдвэр биш харин үр дүнд чиглэсэн хэрэгтэй шийдвэр гаргахад оршино. "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэшигчдийн хувьд давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь төр, харин саналын эрхгүй хувьцаа эзэмшигч нь бидний хэлж заншсанаар 1072 хувьцаа эзэмшигч ард түмэн болон цөөн хэдэн компани байдаг. Миний хувьд компанийн алсын хараа урт удаан хугацаанд ард түмэнд үр өгөөжтэй байх тал дээр хатуу байр суурьтай ажиллаж байгаа.

-"Эрдэнэс-Таван толгой” ХК ашигтай ажиллаж байгаа компани. Орлого ашиг нь сүүлийн хоёр жилд нэмэгдэж байгаа нь удирдлагын баг, тэдний зөв менежменттэй холбоотой. Үүн дээр таны байр суурийг сонсъё.

-”Эрдэнэс-Таван толгой” ХК нь 2010 оноос хойш түүхэндээ сүүлийн жил гаруйхан хугацаанд ашигтай ажиллаж байна гэвэл зөв болов уу. Энэ нь мэдээж гадаад зах зээлийн болон улс төрийн тааламжтай, тогтвортой нөхцөл байдлаас шууд шалтгаална. Гэвч муу удирдлагатай бол энэ тааламжтай байдлыг ашиглаж чадахгүй байх ч нөхцөл бий. "Эрдэнэс-Таван толгой” ХК-д одоо ажиллаж буй удирдлагууд жил гаруйн хугацаанд энэ боломжийг маш овжин зөв ашигласан гэж би хувьдаа дүгнэдэг. Энэ нь мэдээж ТУЗ болон гүйцэтгэх менежментийн цаг үеэ олсон зөв шийдвэрүүдтэй шууд холбоотой. Ашигтай ажиллана гэдэг нь зөвхөн борлуулалтын хэмжээ ихсэж, үнэ өсөн зах зээлийн нөхцөл сайжирснаар дан ганц тайлбарлаж болохгүй. Зөв менежментээр эрсдэлээ удирдаж, зардлаа бууруулж ашгаа өсгөхийг ч мөн хэлнэ. Ашигтай ажиллаж байна гэдэг нь бүх зүйл сайн сайхан байгаа гэсэн үг биш. Бидэнд шийдэх, сайжруулах, судлах, тодорхой болгох, хийх асар их ажил хүлээж байгаа.

-1072 хувьцааны асуудал хөндөгдөж эхэлж байна. Та бүхний тооцоо судалгаагаар энэ ажил хэзээнээс ажил хэрэг болж, иргэд хувьцааны үр өгөөжөө хүртэх бол?

-Уул уурхайн салбар нь ихэнх тохиолдолд урт хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж өгөөжөө өгдөг салбар юм. 1072 хувьцааг Засгийн газар ард түмэнд эзэмшүүлснийг би хувьдаа маш зөв шийдвэр байсан гэж дүгнэдэг. Би түрүүн хийх ажил асар их байна гэж хэлсэн. 1072 хувьцааг бүртгэлжүүлэхээс өмнө үнэлэх гэж асар том ажил байна. Гэтэл энэ уурхайг ашиглахаас ч өмнө хийгдэх ёстой геологи хайгуулын нарийвчилсан болон бусад суурь судалгааны ажлууд хийгдээгүйгээс болж асар олон асуудал тодорхойгүй нөхцөл байдал дор хүлээгдсээр байна. 2010 онд энэ төсөл эхэлснээс хойш хуучин удирдлагууд нь яагаад энэ суурь судалгааны ажлуудаа хийлгүйгээр нөөцөө ч бүрэн тогтоолгүй, үнэлэлгүй уурхайлах ажилдаа орсныг гайхдаг бас харамсдаг. Суурь судалгааны ажлуудыг бүрэн гүйцэд хийгээгүй нь харалган хүн бүрэнхийд тэмтчихтэй ижил асуудал юм. Шинэ удирдлагууд харин энэ суурь судалгааны ажлуудыг дуусгахаар 2016 оноос эхлэн эрчтэй ажиллаж байгаа. Энэ судалгааны ажлууд дууссаны дараа ордын нөөцийг болон компанийг өөрийг нь үнэлж байж дараа нь хувьцаа жинхэнэ утгаараа бүртгэлжих үнэлэгдэх болов уу. Харин миний хувьд нээлттэй хувьцаат компани болохыг уул уурхайн инженер эдийн засагч хүний хувьд дэмждэггүй.

-Яагаад?

-Бид 1990 оны хувьчлалын үйл явцыг мэднэ. Аж үйлдвэрийн паркийг хувьчилсан. Хувьцааны талаарх ойлголтгүй иргэд маань хувьцаагаа талх, сархадаар солиод зарчихаад юу ч үгүй хоцорсон нь худлаа биш. Аж үйлдвэрийн паркийг хувийн хэвшил аваад хөгжүүлэлгүй харин устгачихсан. Учир нь тэр үед компанийн засаглал хөгжөөгүй, тэр битгий хэл тэр талаар мэдэх ч үгүй байсан болохоор тэр. Одоо ч хэвээрээ. Монголын олон сайхан уул уурхайн төслүүдийг хувийн компаниуд авч сорчлон олон настай төслийг 50, 50 жилийн настай төслийг таван жил болгож байгаа нь ч нууц биш. Одоо зарж борлуулах боломжтой болгочихвол иргэд хувьцаагаа хэн нэгэнд зарж энэ нь нийтийн баялгийн захиран зарцуулах эрх хэн нэгэнд бизнесийн бүлэглэл, эсвэл гадаад дотоодын үндэсний компаниудад шилжчих вий гэж санаа зовж байна. Би хувьдаа нээлттэй хувьцаат компаниасаа илүү хувьцааг бусдад зарж борлуулж болохгүй зөвхөн өгөөжөө хүртдэг хаалттай хувьцаат компани байх ёстой гэж боддог. Яагаад IPO босгож нээлттэй хувьцаат компани болгох ёстой юм бэ гэхээр хөрөнгө оруулалт олно гэж л хариулна. Гэтэл өнөөдөр хувьцаат компани болно гэдэг чинь өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхээ бусдад худалдаж байгаа нэг хэлбэр. Бонд босгох хөнгөлөлттэй зээл авах гээд асар олон төрлийн хөрөнгө оруулалт босгох боломж байна. Гэтэл үүний дотроос зөвхөн өмчөө, захиран зарцуулах эрхээ бусадтай хуваалцах боломжтой хэлбэрийг сонгож байгаад би хувьдаа эсэргүүцдэг. Өнөөдөр стратегийн үйлдвэр төслүүдээ хувьчилчихаад асар их алдагдалд орж буцаж худалдаж авсан улс орнууд хойд хөршөөс эхлээд Казакстан гэх мэт олон байна. Бид бусдын алдаанаас суралцаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой. Магадгүй энэ нээлттэй хувьцаат компани болгох бодлогын ард талд шийдвэрт нөлөөлөх хэмжээний хувьцааг иргэдээс худалдан авч өөрийн компанийн бараа үйлчилгээг байнга өндөр үнээр шахаж байх сонирхолтой бизнесийн бүлэглэл байна гэж би харж хардаж явдаг. Ийм тохиолдол амьдрал дээр маш их байгаа нь нууц биш.

-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай болчихоод байгаа энэ цаг үед монголчууд бид хэдэн уурхайгаа түшихээс өөр аргагүй л дээ. Тэр дундаа "Эрдэнэс-Таван толгой” ХК-д ихээхэн найдлага тавьж байгаа. Таван толгойн уурхай бусад уурхайгаас ялгагдах гол онцлог нь юу байдаг юм бэ?

-Та дөнгөж сая өөрөө хэлчихлээ. Таван толгой бол үндэсний хэмжээний төсөл аль ч утгаараа мөн. Мөн төрийн болон нийт ард түмний өмчит цорын ганц, Монголдоо хамгийн том, дэлхийд дээгүүрт орох сайн чанарын коксжих нүүрсний төсөл. Энэ төслийг зөв авч явбал олон жил Монгол Улс, Монголын ард түмнийг чирж явах нь дамжиггүй. Хамгийн чухал нь энэ газрын хэвлий дэх ашигт малтмалыг ариг гамтай, үр ашигтай, алсын хараатайгаар төлөвлөж, олборлох үр ашигтайгаар хөгжүүлэх явдал юм. Цаашилбал энэ төслөөс ирж буй өгөөжийг олдсон дээр нь буруу зөвгүй идэж уугаад дуусах биш, зөв зүйлд захиран зарцуулж бусад салбарыг хөгжүүлэх хөшүүрэг байгаасай гэж боддог. Норвегийн уул уурхайн сан шиг дотоодын эдийн засгийг дэмжээд зогсохгүй гадаадын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэх мэтээр алсын хараатайгаар уул уурхайгаас олсон орлогоо улам арвижуулж улс орноо хүчирхэгжүүлэх хэрэгтэй.

-"Эрдэнэс-Таван толгой” ХК бол үндэсний хэмжээний компани. Өнөө цагт үндэсний хэмжээний компани шиг чухал зүйл үгүй. Үндэсний хэмжээний компаниа хүчирхэгжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих нь олон талын ашиг тустай?

-Тийм ээ, өнөөдөр ихэнх улс орныг үндэсний хэмжээний томоохон бөгөөд цөөхөн компаниуд нь чирж явна. Тоёота, Самсунг, Сони, Бенз гээд бид бүгд мэдэж байгаа. Таван толгой бол Монгол Улсын хувьд дунд хугацаандаа Монгол Улсыг чирч явах нэг үндэсний төсөл мөн. Түүнээс цааш өөр сайхан үндэсний хэмжээний төслүүд энэ компанийн хөшүүргээр хөгжих байх гэж би найддаг.

-Аливаа уурхай дэлхийн жишигт нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уурхай байхын төлөө ажилладаг шүү дээ. Танай компанийн хувьд энэ тал дээрээ хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа вэ?

- Дэлхийн жишиг, стандарт гэсэн ойлголтыг би хүндэтгэдэг. Гэхдээ бусдад таалагдахаасаа илүү улс эх оронд минь хэрэгцээтэй өгөөжтэй төсөл болоосой гэж мөрөөддөг. Уул уурхай бол хэн нэгэнд таалагдах загварын ертөнц биш. Харин Инженерийн, Эдийн засгийн цогцолбор хөгжлийн ертөнц юм. Бид бусдад таалагдах гэж биш өөрсдөдөө хэрэгтэй ашиг тустай болгоход анхаарах нь чухал юм. Ер нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уурхай гэж улс эх орноо чирж яваа уурхайг хэлж байгаа юм.

-Та хараат бус гишүүнийхээ хувьд цаашид "Эрдэнэс-Таван толгой” ХК юун дээрээ илүүтэй анхаарал хандуулбал зүйтэй гэж боддог вэ. Мөн иргэдийн зүгээс ямар гомдол, санал ирдэг бол?

-Уул уурхайн инженер, эдийн засагч хүний хувьд энэ уурхайн суурь судалгааны ажлуудыг хийж дуусган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, урт хугацаанд тогтвортой хөгжиж улс эх орон ард иргэдийг тэр дундаа ирээдүйн ард иргэдэд үлдэх баялгийг бүтээх жинхэнэ мэргэжлийн өндөр түвшний уул уурхай компани болгочих юмсан гэсэн зорилго бий. "Эх нь булингартай бол адаг нь булингартай”, "Хэтийн зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэх мэт ухаант өвгөдийн үг бий. Энэ төслийн эхлэлийг бид зөв тавих ёстой. Мөн энэ компани хэдий төрийн болон олон нийтийн хувьцаат компани боловч мөн хөрш Хятад улстай бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг тэр хэрээр компанийн стратегийн нууц зүйл өндөр түвшинд байна. Гэвч үүнтэй холилдоод болох бүтэхгүй зүйл ч өмнөх удирдлагуудын үед хуримтлагдаж байсныг үгүйсгэхгүй. Нээлттэй болгох боломжтой зүйлсийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн өмнөх удирдлагуудын үед хийгдсэн зарим гэрээнүүдийг харилцан ашигтай болгох ч шаардлага байгаа. Хэдий богинохон хугацаатай алба ч гэлээ үүний төлөө чөмгөө дундартал хичээж ажиллах болно. Хүнд таалагдахын тулд биш, хэрэгтэй зүйл хийхийн төлөө ажиллана.

Ярилцсанд баярлалаа.

Д.Саруул