"1072 ХУВЬЦААГ ЗАРАХ, ХУДАЛДАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗГ ГАРГАНА"

"1072 ХУВЬЦААГ ЗАРАХ, ХУДАЛДАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗГ ГАРГАНА"

"1072 хувьцааг зарах, худалдах зохицуулалтыг ЗГ гаргана"

эх сурвалж news.mn 2018.3.23


"1072 ХУВЬЦААГ ЗАРАХ, ХУДАЛДАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗГ ГАРГАНА"

 


'Эрдэнэс Тавантолгой'-н 1072 хувьцааг амь оруулах ажил эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй. Үүний бэлтгэл болгож эхний ээлжинд хувьцаагаа бүртгэлжүүлж буй. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-"Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаагаа дотоод, гадаадад арилжаалах боломж нээгдэнэ гэж та өмнө нь хэлж байсан. Хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах ажил хэзээнээс эхлэх бэ?

-1072 хувьцааг бүртгэх ажил эхэлсэн бөгөөд бүртгэлээ компанийнхаа баланс дээр суулгасан. Түүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснийхээ дараа хоёр дахь зах зээлд хувьцаагаа арилжих, үүнийгээ үндэслэн гадаадын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, гадны зах зээл дээрээс мөнгө босгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ажил болох баланс дээр нийт хувьцаа эзэмшигчийнхээ мэдээллийг бүртгэж авсан. Ингэснээр "Эрдэнэс-Таван толгой” компани өөрийнхөө баланс дээр 11.9 их наяд төгрөгийн бүртгэлтэй болсон. Ойролцоогоор 4.7 тэрбум ам.долларын баланстай компани болж байна. Дараагийн ээлжинд бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж, батлуулах шаардлагатай байгаа. Үүний дараа гэрчилгээнд бичилт хийж, Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ хийх ажил үлдээд байна. Бүртгэл дууссаны дараа иргэдийн 1072 хувьцаа албан ёсоор хөдөлгөөнд орж эхэлнэ. Төлөвлөсөн ажлууд хугацааны дагуу хийгдэж байна.

-Иргэд 1072 хувьцаагаа эргэлтэд оруулснаар ямар боломжууд бий болох юм бэ?

-Иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг албан ёсоор хөрөнгийн зах зээлд бүртгүүлсний дараа хоёр дахь зах зээлд гарах эрхтэй болно гэсэн үг. Хоёр дахь зах зээл гэдэг нь иргэд хувьцаагаа зарж борлуулах, авах эрх үүснэ. Үүнээс өмнө компани судалгаа хийх ёстой. Эрэлт, нийлүүлэлт ямар байх, үнэ хэдээр тогтох зэргээр мэргэжлийн компаниудтай хамтран ажиллаж, зөвлөгөө авна. Энэ чиглэлд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. 1072 хувьцаа нь иргэдийн баталгаатай өмч учраас үнэ унагахгүй байх талаас нь судалж, хувьцаагаа арилжаалах ажлыг эхлүүлнэ.

-Иргэдийн нэгж хувьцааг хэдээр үнэлж байгаа юм?

-Өнөөдөр компани өргүй, үнийн таатай нөхцөл байдал үүссэн учраас 1072 хувьцааг эргэлтэд оруулах цаг нь болсон. Нэгж хувьцааны үнэ 970 төгрөг байна, үнэ унахгүй боломж үүссэн. 1072 ширхэг хувьцааг дотооддоо арилжина. Иргэдийн хувьцааг Засгийн газар авах, "Эрдэнэс Тавантолгой” компани худалдах уу, ямар зарчмаар явах вэ гэдэг асуудлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.

-"Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй эсвэл хаалттай хувьцаат компани болох юм уу?

-Энэ асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал болон мэргэжлийн байгууллага шийдэх юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сард болно.

-Гашуун сухайт боомтод үүссэн урт дараалал багассан ч хилээр нэвтрэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй байна гэсэн. Энэ нь эдийн засгийн хувьд ямар алдагдал учруулж болох вэ?

-Гашуун сухайт боомт урт дараалалгүй болж, асуудалгүй болсон байсан. Харин сүүлийн хэд хоног Ганц модны боомт дах нүүрсний овоолго их болсон, БНХАУ-ын хилээр 600 илүү машин гаргахгүй байна. Богинын тээвэрлэлт ачаалал ихтэй, уртын тээвэрлэлт буурсан харагдаж байгаа. Тэгэхээр хоёр улсын Засгийн газар дахин ярилцах шаардлага гарч байна. Он гарснаас хойш "Эрдэнэс Тавантолгой” компани алдагдалгүй ажиллаж байгаа. Эхний гурван сарын байдлаар бараг гурван сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Хэрэв гаалийн нэвтрүүлэлт асуудалгүй байвал төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой.

-Таныг 8.2 сая ам.долларын хууль бус гэрээ хийсэн гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа тухай мэдээлэл гараад байгаа. Энэ ямар учиртай гэрээ юм бэ?

-Сүүлийн хэд хоног 'Эрдэнэс-Тавантолгой' компани, түүний удирдлагыг эрчимтэйгээр дайрах бодлого явж байна. Ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Тодорхой зорилготой гүтгэх, дайрах мэдээллүүд гараад байгаа. Цаашид ч дахиад цацагдах байх. Буруу ташаа мэдээлэл явуулж байгаа иргэн, компаниудад хариуцлага тооцож, хуулийн дагуу асуудлыг шийдэхээр хандсан. Хэрвээ намайг цагдаа болон АТГ-аас шалгаж байгаа бол тус байгууллагуудыг албан ёсоор мэдэгдэхийг хүссэн. Орон нутгийн Тавантолгойгоос нүүрс авсан гэх асуудлаар бичиг хүргүүлж тодорхой тайлбар хэлэхийг хүссэн бичиг хүргүүлсэн. Анх ажил авсныхаа дараа хоёр компанийн хоорондох газрын маргаан, өр зээлийг бүгдийг цэгцэлж, дуусгасан.

-Таныг мөн ажлаа өгсөн, удахгүй ажлаа өгнө гэх мэдээлэл яваад байна. Та ажлаа өгөх үү?

-Би бол Засгийн газраас томилогдсон. Хэрэв ажлаа өг гэвэл би ажлаа өгнө. Сүүлийн үед зохион байгуулалттай, зорилготой ташаа мэдээлэл санаатайгаар тарааж байна. Төрд ажиллаж байгаа, төрийн албан хаагчид дунд сайн нэртэй хүн байгаа юм уу. Цаашид бүх албан хаагчийг хулгайчаар нь дуудаж, нийгэмд ийм сэтгэлгээг нийгэм даяар үүсгэж байна. Энэ төрийн нэр хүндийг яаж муухай харагдуулах вэ гэдэг сэтгэлгээг суулгаж байхад дараа нь хэн энэ төрд ажиллах юм бэ.

Ш.ЧИМЭГ