“Оюутны тэтгэлэг-2017” эхний ээлжийн 10 оюутнууддаа батламж олголоо

“Оюутны тэтгэлэг-2017” эхний ээлжийн 10 оюутнууддаа батламж олголоо

10 дугаар сарын 02, 2017

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн боловсролыг дэмжих чиглэлээр 2017 онд 4 дэх жилдээ Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.

2017-2018 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багуудын харьяа амжилттай суралцаж буй 20 оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох эхний ээлж зохион байгуулагдлаа.

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Компанийн удирдлагууд эхний ээлжийн 10 оюутныг хүлээн авч Уурхайн үйл ажиллагааг ерөнхийд нь тайлбарлаж, Өмнөговь аймгийн Байгаль орчин, Эрүүл мэнд, Тогтвортой хөгжил,Боловсролыг дэмжих чиглэлээр байнгын хамтарч ажилладаг талаар тайлбарлаж Эрдмийн их аянд нь өндрөөс өндөр амжилт хүсэн, сургалтын тэтгэлгийн батламж гардууллаа.
Мөн оюутны төлөөлөл болох ШУТИС-ын оюутан Б.Мягмарсүрэн, ХААИС-ийн оюутан О.Хонгорзул нар тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан сэтгэгэдлээсээ бидэнтэй хуваалцлаа.

Б.Мягмарсүрэн: "Би ээж 2 дүүгийн хамт ам бүл 4-үүлээ амьдардаг. Эрдэнэс-Таван толгой ХК-иас зарласан сургалтын тэтгэлэгт хамрагдсан нь миний хувьд болон миний гэр бүлийн хувьд маш их дэмжлэг болж байна. Цаашид амжилттай суралцах маш их урам зориг өгч байна. Надтай адил тэтгэлэгт хамрагдсан бусад оюутнууд ч гэсэн маш их урам зориг авсан болов уу гэж бодож байна.”

О.Хонгорзул: "Юуны өмнө та бүхэндээ маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Энэхүү сургалтын тэтгэлэг нь миний цаашдын ирээдүйд маш их дэмжлэг болж байгаа. Миний амжилттай сурах хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлж урам өгсөн. Та бүхний итгэлийг алдалгүй сурч, нутаг орныхоо цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах шилдэг боловсон хүчин болж чадна гэдгээ хэлмээр байна. Баярлалаа.”