Тайлбар – Нүүрс экспортлогч компаниудын экспортын тээвэрлэлтийг хязгаарлах, квот тогтоох талаар

10 дугаар сарын 09, 2017

Тайлбар – Нүүрс экспортлогч компаниудын экспортын тээвэрлэлтийг хязгаарлах, квот тогтоох талаар2017 оны 10-р сарын 05-ны өдөр Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Уул Уурхайн Яам, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв болон Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцсон уулзалт болж, уулзалтаас албан бус байдлаар нүүрс экспортлогч компаниудын экспортын тээвэрлэлтийг хязгаарлах, квот тогтоох асуудлыг ярилцсан байна.

Уг уулзалтын дараа буюу 2017 оны 10-р сарын 06-ны өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газраас хязгаарлалт тавьж, "Эрдэнэс-Таван толгой” ХК-д БНХАУ-ын хилээр нэвтэрсэн нийт тээврийн хэрэгслийн 45 хувь буюу өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэлд "Олон улс хоорондын ачааны дагалдах бичиг” олгохоор шийдвэрлэж, тоог багасгаснаар компанийн Гаалийн Хяналтын бүс дотор 1400 гаруй, Гаалийн Хяналтын бүсээс авто замын дагуу 13 дахь километр хүртэл 1000 орчим, нийт 2500 орчим тээврийн хэрэгслийн түгжрэл, хүлээлт, урт дараалал үүсээд байна.

Энэхүү урт дараалал, түгжрэл, хүлээлтээс шалтгаалж эмх замбараагүй байдал гарах, хууль бус олон тооны зөрчлүүд нэмэгдэх, ялангуяа жолооч нарын ажиллах, амрах хууль ёсны эрх зөрчигдсөн хүндрэлтэй асуудлууд гарсаар байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх талаар УУЯ, ЗТХЯ, ГЕГ-уудад "Эрдэнэс-Таван толгой” ХК-иас албан тоот хүргүүлсэн болно.

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь дээрх хүндрэлтэй байдлыг зохицуулах, дотоод журам, дүрмийн хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч нарыг мэдээллээр хангах, зөрчил гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, асуудлыг  шийдвэрлэх хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

               "Эрдэнэс-Таван толгой” ХК

                        2017.10.08