“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд уурхайд ажиллалаа

10 дугаар сарын 02, 2017

Эх сурвалж erdenestt.mn  2017.9.25

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал 2017 оны 9 дүгээр сарын 22-23-ны Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах  уурхайд болж, ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн тэргүүтэй гишүүд уурхайчдынхаа ажил байдалтай газар дээр нь танилцаж, үйл ажиллагаатай холбоотой зарим санал, зөвлөмжийг компанийн удирдлагуудад өглөө.

Энэ үеэр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар  нар компанийн үйл ажиллагаа,  цаг үеийн асуудлаар ажилчдын төлөөлөлд мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүлэв.

                     Компанийн амжилт, ололтууд      

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.  БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг  бүрэн барагдуулснаар Цанхийн  Зүүн уурхайгаас мөнгөн орлого олж, Цанхийн баруун уурхайн үйл  ажиллагааг дахин эхлүүлэн, нээлттэй сонгон шалгаруултын зарчмын дагуу нүүрсээ өндөр  үнээр борлуулж эхэлснээр компани ашигтай ажиллаж эхэлсэн.

 Компанийн ТУЗ болон удирдлагын шинэ багийн оновчтой менежментийн дүнд компанийн санхүүд эерэг үзүүлэлтүүд гарч ирсэн юм. Тухайлбал, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 284.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол өмнөх жилийн мөн үед хасах 184.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, борлуулалтын орлого 2016 оны эхний хагас жилд 145.8 байсан бол 2017 оны мөн үед 744.9 тэрбум болж 5 дахин өссөн, татвар, хураамж төвлөрүүлэлт 2016 оны эхний хагас жилд 21.7 тэрбум төгрөг байсан бол 2017 оны мөн үед 158.9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 7 дахин өссөн үзүүлэлттэй ажиллаж байна.

Нийт өр төлбөрийн хувьд өнгөрсөн оны 4 улирлын байдлаар компани 895.8 тэрбум төгрөгийн өртэй байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар уг өр 162 тэрбум төгрөгөөр буурчээ.  Нийт өрийн дийлэнх нь Хүнд хөгжил санд төвлөрүүлэн, иргэд тараасан Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээл компанийн балансад бичигдсэн байдаг бөгөөд өрийг энэ ондоо багтаагаад хаах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

                        Өдөрт 300 машин нүүрс ачиж байна

"Эрдэнэс-Таван толгой” ХК  энэ жил 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс одоогийн байдлаар 7.0 сая тонн нүүрс экспортлоод байна. Ирэх гурван сард энэ түвшингээ хадгалбал төлөвлөгөөгөө биелүүлчих тооцоо байгаа. Гэхдээ компанийн үйл ажиллагаанаас шууд хамааралгүйгээр хил, гаалийн асуудлаас үүдэн экспорт удаашрах явцтай байгаа бөгөөд ТУЗ-ийн дарга, гишүүдийг Ачилт, экспортын албаны үйл ажиллагаатай танилцах үеэр сүүлийн  өдрүүдэд өдөрт дунджаар 300 гаруй машин нүүрс явуулж байгаа бөгөөд Гашуунсухайт боомт дахь машинуудын түгжрэл  2 сарын өмнөөс үүссэн, ид оргил тээвэрлэлтийн үед өдөрт дунджаар 800-1500 машин явж байсан талаар танилцуулж байлаа.

Албаны хүмүүс уурхайд ажиллах үеэр нүүрс ачилтын тоног төхөөрөмжүүд авах, Тавантолгой-Гашуунсухайт авто зам чиглэлийн 8.2 км хатуу хучилттай замын ажлаа түргэвчлэх, гадаа талбайд ажилладаг ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд онцолж анхаарыг хэлээд,  цанхийн баруун хөрс тээврийн хөрс тээврийн конвейрийн систем нэвтрүүлэх, хайгуул хийх замаар нөөцөө баталгаажуулж, үнэлгээгээ нэмэгдүүлэх  зэрэг дунд хугацаанд хийх төлөвлөгөөт ажлын талаар тодорхой ярилцаж санал солилцсон юм.

            Уурхайн ажилтнуудын цалинг 4.6-9.4 хувь өсгөжээ

"Эрдэнэс-Таван толгой” ХК- удирдлагууд  уурхайн ажилтнуудтай уулзах гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Амласан бол хийх ёстой” гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаагаа илэрхийллээ. Спорт заал барих асуудал удааширч байгаа нь тендерийн хууль, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой олон шат дамжлагаас үүдэн удаашраад байгаа ч ирэх хавар гэхэд ашиглалтад оруулахаа хэлэв. Мөн бусад худалдан авахтай холбоотой саатаад байгаа олон ажлыг шийдвэрлэх үүргүүд өгөгдсөнийг хэлэв.

Уулзалтын үеэр ажилтнуудын зүгээс  цалин хэзээ нэмэх вэ гэсэн асуудлыг түлхүү тавьсан бөгөөд сургалтад хамруулан мэргэжлийн зэрэг дэвийг ахиулах  зарчим баримтлан өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн уурхайн 71 ажилтны цалинг 8.7,  256 ажилтны цалинг 9.4, 182 ажилтны цалинг  4.6 хувиар өсгөсөн мэдээллийг Захиргаа Удирдлага хариуцсан Газрын захирал Ө.Сумъяабаатар өглөө.  Нийт ажилчдын цалинг нэмэх асуудлын хувьд цалин нэмэх журам батлаж, дээр нь инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримтлах, судалгаа явуулаад захирлын зөвлөлийн хуралд оруулж ирэхийг үүрэгдсэнээ гүйцэтгэх захирал  энэ үеэр хэлсэн юм. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран 350 хүний угсармал орон сууцыг ирэх жилээс уурхайн хотхонд байгуулах, орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт ажилчдаа хамруулах талаар ямар боломж байгаа талаар судалгаа хийх ажлын хэсэг ажиллаж буйг хэллээ.

Уулзалтын үеэр  Захирлын Зөвлөлийн хурлаас Уурхайн ачилт, экспортын албаны Автожингийн ажилтан Д.Рэнцэнхандмаагийн охины эмчилгээнд нь компаниас 5 сая төгрөг нэмэрлэхээр шийдвэрлэснийг дуулгасан бөгөөд төв оффисын ажилтнууд  хандивын аяны  хүрээнд 2 сая төгрөг цуглуулснаа хүлээлгэн өгсөн юм. Одоогоор уурхайн ажилтнуудын өрнүүлсэн хандивын аян дуусаагүй байгаа аж.

Түүнчлэн уурхайн засвар механикийн хэлтсийн засварчин Н.Чадраабалд 10 сая төгрөгийн тэтгэмжийг гэрийн хамт олгосон байна. Энэ мэтчилэн ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч тусалж, дэмжихээ удирдлагуудын зүгээс илэрхийллээ. Компанийн нийт  ажилтнуудыг компанитай холбоотой албан ёсны мэдээллээ албан ёсны сайт "erdenestt.mn” сайтаасаа тогтмол авч байхыг хүссэн юм.  Удахгүй  компанийн 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 9 сар хүртэл хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлант сэтгүүлийг  нийт ажилтнууддаа хүргүүлэх юм.