“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт 166 оюутан хамрагдаад байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт 166 оюутан хамрагдаад байна

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 60 оюутан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр компанийн төв офисст хүрэлцэн ирж, компанийн удирдлагуудаас батламжаа гардан авлаа.  
Компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "компани 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр  орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Өмнөговь аймагт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний дотор боловсролын салбар, оюуны хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжихээ илэрхийлж байна. 
Өмнөговийн унаган хүүхдүүд та бүхэн зөвхөн сургалтын тэтгэлэгт хамрагдаад зогсохгүй дэлхий жишиг уул уурхайн томоохон компани "Эрдэнэс-Тавантолгой”-н уурхай дээр сургалтын дадлага хийж, компанийн инженер техникийн ажилтнуудаас зөвлөгөө туршлага судлан, оюутны эрдмийн ажлаа боловсруулахдаа тэднээс туслалцаа дэмжлэг авч, цаашилбал манай компаниас зохион байгуулах сургалтуудад хамрагдах боломжийг давхар олгож байна. 
Бид  инженер техник, ялангуяа байгаль орчин нөхөн сэргээлтийн  чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа орон нутгийн оюутнуудыг илүү дэмжих боломжтой гээд хувийн зүгээс нийт хүрэлцэн ирсэн оюутнуудад "Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номыг бэлэглэлээ.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж ирсэн бөгөөд одоогоор нийт 166 оюутанд олгоод байгаа юм.