МЭДЭГДЭЛ

Мэдээллийн erennews.mn сайтын эх сурвалжтайгаар 24tsag.mn, news1.mn болон бусад сайтад "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирлуудын хэрээс хэтэрсэн тансаглал” гэсэн гарчигтай материалыг 2018 оны 7 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд цувралаар нийтэлсэнтэй холбогдуулан "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн, энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдолтой Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын уул уурхайн болон банк санхүүгийн байгууллага, шинжээч, зөвлөхүүдтэй бизнесийн харилцаанд оролцох, дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох зэргээр Монгол Улсаа төлөөлөн ажилладаг төрийн өмчит уул уурхайн томоохон аж ахуйн нэгж юм.

 

Компани нь 2011 оноос стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах хүрээнд олон улсын стандартын түвшинд нийцсэн, бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн бөгөөд 2012 оноос удирдлага, ажлын нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд компанийн зээлийн карт болон бусад гадаад захирлуудад нэмэлтээр олгох санхүүжилтийн хэлбэрүүдийг бий болгосон байсан.

 

Харин 2017 онд гүйцэтгэх захирлын А/132 тоот тушаалаар уг картын сарын зээлжих хэрэглээг багасган, хэмжээг хязгаарлаж, зөвхөн гадаад зочид төлөөлөгчдийн болон албан ёсны бизнес уулзалтад зарцуулах эрхтэй болгож, бусад захиралд олгож байсан нэмэлт зардал санхүүжилтийг цуцалсан.

 

Улмаар компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018 оны А/199 тоот тушаалаар дээрх А/132 тоот тушаал буюу зээлийн карт ашиглах тушаал, журмыг хүчингүй болгож, зарцуулах эрхийг нь цуцалж, захирлуудын авч байсан нэмэлт урамшууллыг бүрэн зогсоосон болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

Дээр нэр дурдсан сайтууд нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн материалдаа оруулсан гүйлгээний жагсаалт, хуулбар нь компанийн зээлийн карт бус хувь хүний картын мэдээлэл байсан тул хувь хүний нууц, нэр хүндэд халдсан хэмээн үзэж, уг мэдээллийн эх сурвалжийг тодруулж, хувийн мэдээлэл алдсан, нийтэд ил тавьсан асуудлаар хуулийн байгууллагад хандахаа илэрхийлж байна.

 

 

 

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИ