Тайлбар

News1.mn сайтад 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр нийтлэгдсэн "Гэрээ нь дууссан Хишиг Арвин Индустриал компани "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талбай дээр ажилласаар байна” гарчигтай мэдээлэлтэй холбогдуулан "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас дараах тайлбарыг хийж байна.

Тус сайт нь тодорхой эх сурвалжгүйгээр бодит бус мэдээлэл бэлтгэн олон нийтийн хэрэгслээр цацсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК болон "Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн хооронд байгуулсан уулын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр албан ёсоор дууссан бөгөөд Цанхийн баруун уурхайн дараагийн гэрээт олборлогч шалгарч, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд уурхай түр зогсолт хийж байгаа болно.

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд аливаа ажил үйлчилгээ худалдан авалт нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн хүрээнд явагддаг болохыг мэдэгдэж байна.

Компанийн хэмжээнд явагдаж буй сонгон шалгаруулалтууд бүгд нээлттэй ил тод явагддаг тул Цанхийн баруун уурхайн сонгон шалгаруулалт нь мөн энэ зарчмын дагуу явагдаж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Тус сонгон шалгаруулалтын ажлын даалгавар нь холбогдох тооцоо судалгаанд үндэслэн гүйцэтгэсэн бөгөөд жилд 28 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэхэд шаардлагатай уулын үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийг тусгаснаас гадна сонирхсон этгээд дангаар болон хамтарч оролцох эрх нь нээлттэй байгаа болно.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК