Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд иргэн бүртээ ногдол ашиг өгнө

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд иргэн бүртээ ногдол ашиг өгнө


 

Эх сурвалж "Монголын мэдээ” сонин /2018.5.28/

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

-"Эрдэнэс-Таван толгой” компанийн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа "амь орж”, ногдол ашиг олгох талаар мэдээ­лэл гараад удаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-1072 хувьцааг УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталж, тухайн үедээ "Эрдэнэс-Тавантолгой” компанийг үүсгэн байгуулсан байдаг. Иргэд зөвхөн 1072 хувьцаа гээд яриад байдаг. Угтаа бүтцийн хувьд дөрвөн төрлийн хувьцааны хэсгээс бүрддэг. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг 100 хувь гэж үзвэл хувьцааны 64.5 хувь нь "Эрдэнэс Монгол”-д бий. 20 хувь нь УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу олон улсын зах зээл дээр гаргахаар зарласан хувьцаа юм. Харин 14.5 хувь нь Монголын Улсын иргэдэд байдаг 1072 хувьцаа, 0.05 хувь нь 64 аж ахуйн нэгжид бий. 1072 хувьцааг өнөөдрийн байдлаар 2511000 иргэн эзэмшиж байна. Хувьцаа гаргаснаас хойш дөрвөн удаа арилжаа хийгдсэн байдаг. Эхнийх нь иргэд тэтгэврийн хэлбэрээр 1072 хувьцаагаа борлуулаад, мөнгөө авсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа зарж, мөнгө авсан байдаг. Оюутнууд сургалтын төлбөрөө төлөх зорилгоор хувьцаагаа арилжаалсан. Хамгийн сүүлд иргэд 300 мянган төгрөгөөр 300 хувьцаагаа зарсан. Тэгэхээр 1072 хувьцаа огт амилаагүй гэж хэлэхэд дутагдалтай. Гэхдээ албан ёсоор хөрөнгийн биржид гарч, "амилсан” зүйл одоогоор алга. "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 онд 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи долоон жилийн хугацаанд анх удаа цэвэр ашигтай ажилласан нь энэ. "Эрдэнэс-Тавантолгой” ХК одоо дотоод болон гадаадын хөрөнгийн биржээр хувьцаагаа албан ёсоор арилжиж болох бүх нөхцөл нь бүрдчихээд байна. Түүнээс гадна, 2018 онд бид 1.2 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Яг өнөөдөр, тавдугаар сарын 21-ний байдлаар 770 тэрбум төгрөгийн борлуулалт хийчихээд байна. Одоо бидэнд дахиад долоон сарын хугацаа байна. Тэгэхээр 1.4 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломж харагдаж байгаа юм. Тийм болохоор 2019 ондоо 2018 оныхоо ногдол ашгийг өгөх бүрэн боломж бүрдлээ гэж ойлгож болно. Ирэх есдүгээр сард бид Монголын Хөрөнгийн биржид бүргэлтэй болж, гарна. Олон улсын хөрөнгийн биржид гарах бэлтгэлээ хангаж байгаа. Одоогийн байдлаар энэ ажил 37 хувьтай байна. Ирэх жил нэлээд ахиц гарах байх. 2019 онд бид 1072 хувьцааг "амилуулах” гэж ярихгүй, иргэн бүртээ ногдол ашиг хуваарилна. Бидний хүлээгдэж буй үр дүнгийн тооцоогоор бол 600-700 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах болов уу гэж бодож байна. Зах зээлийн нөхцөл ямар байх нь уу гэдгийг харъя. Бүтээгдэхүүний үнэ гэдэг маш том эрсдэл компанид болон улсад авчирдаг. Тийм болохоор үнэ тогтвортой байгаасай л гэж бодож байна.

-1072 хувьцааны анхны нэрлэсэн үнэ 933 төгрөг байсан. Энэ үнэ өөрчлөгдөхгүй биз дээ?

-Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж байгаа гол зүйл энэ. 1072 хувьцааны анхны нэрлэсэн үнэ болох 933 төгрөгийг бууруулахгүй. Энэ бол бидий баримталж буй хатуу байр суурь. Хөрөнгийн биржид гараад, хувьцаа арилжаанд орж эхэлсэн тохиолдолд хамгийн доод үнэ 933 төгрөг байна гэж ойлгож болно. Хувьцааны үнийг бууруулахгүй байхад анхаарал хандуулж, хоёр алхам хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компаниа хаалттай ХК болгосон. Хаалттай гэдэг нь үйл ажиллагаа, санхүүгийн хувьд хаалттай болсон гэсэн үг биш шүү. Зөвхөн хувьцааг хамгаалж буй хэлбэр. Хөрөнгийн биржээр арилжаалаад эхэлбэл хувьцааны үнэ 933 төгрөгөөс унах магадлал маш өндөр. Иргэд хувьцаагаа олноороо зарах магадлалтай. Тиймээс энэ уналтаас урьдчилсан сэргийлж хаалттай болгож байгаа юм. Мөн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх тодорхой сангуудыг бий болгох ёстой. Хувьцааны үнэ 933 төгрөгөөс унахгүй байх хэрэгтэй. Үнэ нь өссөн тохиолдолд сан үйлчилдэггүй. Харин үнэ нь буурсан тохиолдолд төр хамгийн түрүүнд худалдаж авдаг байх нь зөв. Энэ бол иргэдийн ирээдүйд хөрөнгө оруулж буй эдийн засгийн гол хэрэгсэл учраас Засгийн газар амь шигээ хайрлаж, анхаарлаа хандуулж, зохицуулах ажлуудыг хийж байна.

-"Эрдэнэс-Таван толгой” компанийн үнэлгээг шинэчлэх, засаглалыг сайжруулах талаар ямар ажил хийж, хэрэгжүүлж байна?

-Таван толгойн ордтой холбоотойгоор хоёр удаа стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил хийж байсан. 2011, 2014 онд. Энэ онуудад дэлхийн төвшний уул уурхайн магнатууд, хөрөнгийн зах зээлийн томоохон бизнесмэнүүд, компаниуд орж өрсөлдсөн байдаг. Өрсөлдөхдөө "Эрдэнэс-Тавантолгой” компанийн эзэмшиж буй ордыг дэлхийн зах зээл дээр үнэ хүргэх. Компанийг нь үнэ хүргэх, Олон улсын стандартын дагуу нээлттэй, хариуцлагатай компани болгох чиглэлээр саналуудаа ирүүлж байсан. 2011 оны стратегийн хөрөнгө оруулагч шалгарсан. Ер нь бол Олон улсын зах зээлд гаргах шаардлага гэж бий. Энэ шаардлагын дагуу бүрдүүлэх материалыг маш удаан хугацаанд бүрдүүлж өгдөг. Тэр компани ямар үнэлгээтэй байх вэ гэдгийг тодорхойлох ажлуудыг хийдэг. Одоогоор 37 орчим хувьтайгаар бичиг баримтыг хангаад явж байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг урьдчилсан маягаар үнэлсэн. Таван тэрбум ам.доллараар үнэлсэн юм. Одоо компани найман ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Түүний дөрвөн талбайн хэсгийг л үнэлэхэд таван тэрбум ам.доллар болсон. Үлдсэн дөрөвт нь нэмэлт хайгуул хийх шаардлагатай байсан. 2017, 2018 онд хайгуулын ажил хийж байгаа. Хайгуулын ажлын үр дүнд одоогийн байгаа нөөц өсөхөөр байна. Тиймээс манай компани найм орчим тэрбум ам.доллараар үнэлэгдэх боломжтой. Түүнээс гадна, дагалдах төслүүд гэж бий. Төмөр зам болон бусад замын төсөл байна. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гээд томоохон төслүүд хөдөлснөөр компанийн үнэ цэнэ өснө. Олон улсын зах зээл дээр гарах үнэлгээ нь баталгаажилна. Улмаар Олон улсын зах зээлээс орж ирэх хөрөнгө оруулалтыг авч, төслүүдээ амжилттай хэрэгжүүлснээр компанийн иргэдэд олгох ногдол ашиг жилээс жилд өсөх сайхан ирээдүй харагдаж байна.

-Төлөвлөгөөнийхөө дагуу 1.4 их наяд төгрөгийн борлуулалт хийгээд, 700 тэрбумын ашигтай ажиллавал иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах тооцоо гаргаж байгаа вэ?

-Жишээ нь, 2017 онд манай компани 461.1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Үүний 14.5 хувийг иргэдэд хуваарилахад 30 орчим мянган төгрөг ногдохоор байгаа юм. Дараа жил энэ тоо өснө. Хэрвээ IPO гаргавал ногдол ашиг дахиад өснө. Бусад төслүүд хөдлөөд, үр өгөөж нь ороод ирвэл бүр ч өсөх боломжтой. Энэ чинь нэг удаа өгөөд л болих ногдол ашиг биш шүү дээ. Төмөр замаас орж ирэх үр ашгийн тодорхой хувь нь "Эрдэнэс-Тавантолгой”-доо оногдоно. Цахилгаан станцийнх, авто замынх ч ялгаагүй. Энэ олон төслөөс орж ирэх цэвэр ашиг нь иргэдэд очих ногдол ашгийг жил бүр нэмэгдүүлэх юм. Тиймээс Монгол Улсын иргэдийн эдийн засгийн баталгааг хангах чухал хувьцаа гэж ойлгож болно.

-2.5 сая иргэнд "Эрдэнэс-Таван толгой”-н хувьцаа байгаа гэсэн. Үлдсэн иргэддээ, тухайлбал шинэ төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох юм уу?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. Түрүүнд дурьдсан дөрвөн шалтгааны улмаас хувьцаагаа зарсан хүмүүс өөрсдөө арилжаанд оролцсон учраас тэдний хариуцлагын асуудал. Харин 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын төвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна.

-"Эрдэнэс-Таван толгой” ХК одоо зөвхөн Хятад руу нүүрсээ гаргаж байгаа. Хоёрдагч, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломжийг судалж байгаа байх. Тийм боломжийг бүрдүүлэхээр төр засгийнхан ч ажиллаж байгаа. Үр дүн гарах нь уу?

-Компанийн гол зорилт бол хоёрдагч, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах. Одоо ганцхан Хятад руу, тэр дундаа Баяннуурын Ганцмод, Гашуунсухайт гэсэн хилийн боомтоор нүүрсээ гаргаж байна. Тиймээс юуны өмнө Хятад руу гаргах хэд хэдэн хилийн гарцтай болох шаардлагатай байна. Цаашлаад ОХУ руу гаргах ямар боломж байна гэдгийг ч судалж байгаа. Бид бүхий л боломжийг судалж үзэж байна.

-Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих боломж нөхцөл бүрдсэн. Энэ ажил хэзээ эхлэх вэ. Мэдээлэл байна уу?

-Тавантолгой төсөлтэй холбоотой маш олон төсөл, хөтөлбөр бий. Төмөр зам, цахилгаан станц гээд. Төмөр замын төсөл манайд хамааралгүй болчихсон. Цахилгаан станцийн бас манайд хамаарахгүй байгаа. Эрчим хүчний яамны Тавантолгой төслийн баг хариуцаж ажиллаж байна. Харин Засгийн газрын бодлого бол Тавантолгойтой холбоотой бүх төсөл, хөтөлбөрөө компанидаа төвлөрүүлье. Тэгж байж Тавантолгой үнэ цэнэтэй, үр ашигтай болно.