“ Эрдэнэс-Тавантолгой компанийн 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбарыг Эрдэнэт хотод нээлээ

“ Эрдэнэс-Тавантолгой компанийн 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбарыг Эрдэнэт хотод нээлээ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн салбарыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэт хотод байгуулж, нээлтээ хийлээ. Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож, иргэдэд компанийн талаар товч мэдээлэл өгөв.

Б.Ганхуяг захирал мэдээллийн төвийг нээхэд гүн туслалцаа үзүүлсэн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн ЗДТГ, Эрдэнэт хотын нийт иргэдэд талархал илэрхийллээ. Тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой” ХК дэлхий дахины анхаарлын төвд байна. 2018 оны зургадугаар сард олон улсад IPO гаргах шийдвэрийг УИХ-аас гаргасны дагуу Засгийн газраас эрчимтэй ажиллаж байна. IPO гаргах ажлын хүрээнд гадаад орнуудад тухайлбал, АНУ, Австрали, Шанхайд банк санхүүгийн байгууллагынхантай уулзалт хийж, 30 хувьд нь ямар хэмжээний хөрөнгө босгох вэ, компани өөрөө ямар хэмжээний санхүүгийн чадамжтай вэ гэдгээ сурталчилж, таниулах ажлыг хийж байна. 
Харин Монголдоо өнөөдрийн байдлаар 70 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, хорооны иргэдтэй уулзалт сургалт зохион байгуулж, нийт 10000 гаруй хүнд мэдээлэл хүргээд байна. Бид өнгөрсөн тавдугаар сард "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулсан. Өнөөдөр анх удаа 1072 хувьцаа мэдээллийн төвийнхөө салбарыг орон нутагт нээж байгаадаа баяртай байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэндээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцаа болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх зорилгоор зөвлөгөө өгч, сургалтад хамруулж, 1800-1072 лавлах утсаар мэдээлэл өгч, "1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл өгч байна” гээд нийт хүрэлцэн ирсэн хүмүүст ажлын амжилт хүслээ. 
Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төвийн зүгээс нээлтээ хийсэнтэй холбогдуулан иргэдэд гурван хоногийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах юм. Нээлтийн хаалганы өдөрлөгийн үеэр иргэд хувьцаатай холбоотой хүссэн мэдээллээ авахын зэрэгцээ, хувьцааны данс нээлгэх боломжтой бөгөөд Уурхайчин соёлын ордон болон багуудад зохион байгуулах сургалтад хамрагдан мэдээллийг цогцоор нь авах боломжтой ажээ.

Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төв нь Орхон аймгийн иргэдэд 1072 хувьцаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг түргэн шуурхай өгч, иргэдийг бүртгэж ажиллах юм байна. Мөн хөрөнгийн зах зээлийн талаарх үнэн бодит мэдээлэлд тулгуурлан зөвлөгөө өгөх, хоёр дахь зах зээлээс хэрхэн хувьцаа болон ноогдол ашиг авах тухай бүх төрлийн санхүүгийн мэдээлэл олгох ажлыг зохион байгуулна.