Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

 

 

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Даланзадгад хотноо үзэглэлээ.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Ганзориг, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд оролцов.

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх заалт, "42.1,тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэснийг үндэслэн уг хамтын ажиллагааны гэрээг байгуулж, хамтын ажиллагааны шинэ түвшинд гарч байна.

Гэрээний дагуу эхний ээлжинд Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийн газар болон эд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, нүүлгэн шилжүүлэх, компанийн уурхайн ажилчдын хотхоноос Цогтцэций сумын төв хүртэлх авто замыг барьж байгуулах, байгаль орчны нөлөөллийн бүсэд Цогтцэций сумын Сийрст багийн нүүрс тээвэрлэлтийн 8.2 км шороон замыг авто зам болгох, Даланзадгадын төвд 1500 хүүхдийн хүчин чадал бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн "Эрдэнэс-Таван толгой” цогцолбор барилгыг шинээр барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр боллоо.