"ЭТТ"-н 1072 хувьцаа эзэмшигчид ирэх оноос ашиг хүртэнэ

"ЭТТ"-н 1072 хувьцаа эзэмшигчид ирэх оноос ашиг хүртэнэ

 

"ЭТТ"-н 1072 хувьцаа эзэмшигчид ирэх оноос ашиг хүртэнэ

Эх сурвалж news.mn /2018.4.30/

"Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2018.4.27/ болж, 2017 оны ажлын болон санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчдэд дүгнүүллээ. Жил бүр алдагдалтай ажилладаг тус компани 2017 онд анх удаа ашигтай ажиллажээ. Тодруулбал, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх алдагдлаа нөхсөнөөр 46.8 тэрбум төгрөг үлдсэн аж. Төлөвлөгөө ёсоор хувьцааны 20 хувийг олон улсад гаргах бөгөөд 65 хувийг "Эрдэнэс Монгол”, 14.5 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшдэг. 1072 хувьцааг 2511 мянган иргэнд хуваавал нэг хүнд 3000 орчим төгрөг ногдох юм байна. Тиймээс иргэд дараа жилээс хувьцааны ногдлоо авах шийдвэр гаргалаа.

Хуралд компанийн 40 гаруй төлөөлөл, удирдлага, хувьцаа эзэмшигчдийн 50 гаруй төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, "Эрдэнэс Монгол” компани, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцлоо.

2511 мянган хувьцаа эзэмшигч бий

Хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг тайлбар хийв. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой” компани 2017 онд амжилтаар дүүрэн байлаа. Өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, татварын дараа 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2018 онд 1072 хувьцааг амилуулах ажил дээр нэлээд ажил хийж ахиц гаргасан. Үүний дүнд 2010 оноос хойш мөрдөж байгаа "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн дүрмийг батлуулан, компанийн тухай хуульд нийцүүлэх, хувьцаат компанийн мөн чанарыг олж авах, төр болон иргэдэд ногдох хувьцааг олгох эхний алхмаа хийсэн. Хоёрт, 1072 хувьцааг амилуулах үүднээс 2511 мянган хувьцаа эзэмшигчийг "Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компани нөөцийн үнэлгээгээр 11.2 их наяд төгрөгийн биет бус хөрөнгөтэй болж байгаа. Бүтээгдэхүүний хувьд 2017 он ахицтай байлаа. Нийтдээ 8.5 сая тонн нүүрс экспортолсон. Хөрш зэргэлдээ, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч уул уурхайн компаниудтай хамтран нүүрс баяжуулах, баяжмал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс нүүрсийг угааж, эцсийн бүтээгдэхүүн байдлаар хүргэх ажил 2017 онд хийсэн. "Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд бизнесийн маш том шийдвэр гаргах, шийдвэрийг баталгаажуулах ажил үргэлжилнэ. Энэ хүрээнд гурван том зорилго тавьсан. Нэгдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг баталгаажуулж, компанийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажил хийнэ. Хоёрт, үйлдвэрлэлийн ажлыг шинэ түвшинд гаргана. Олон улсын шинэ технологийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлт хийнэ. Компанийн үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий дэд бүтцийг дэмжинэ. Гуравт, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргана. Олон улсын болон дотоодын компаниуд тай хамтран шинэ бүтээгдэхүүн гаргана. Хамгийн гол нь 2018 онд компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог байх зорилт тавьсан. Хил дээр бүтээгдэхүүнээ зардаг биш, эцсийн хэрэглэгчид хүргэх боломж бидэнд бий. Иргэд 1072 хувьцаа хэзээ амь орох вэ гэж асуудаг. Энэ оны есдүгээр сард дотоодын биржид компанийнхаа хувьцааг гаргана. Бид дотоодын хөрөнгийн биржид тавьдаг шаардлагыг 85 хувьтай хангасан байгаа. 2019 оны нэгдүгээр сард олон улсын хөрөнгийн биржид тавьдаг шаардлагыг хангана. 2019 онд өндөр ашигтай ажиллана гэсэн итгэлтэй байгаа. Ингэснээр төр болон аж ахуйн нэгж, иргэн эзэмшдэг 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оноос ногдол ашиг хүртээнэ гэлээ.

461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, "Чалко”, Хөгжлийн банкны өрийг барагдуулсан

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултаа асуув.

-Нүүрсийг боловсруулж гаргана гэлээ. Боловсруулах үйлдвэр байгуулах юм уу?

-Өнөөдрийг хүртэл компани нүүрсийг түүхийгээр нь гаргаж байлаа. Төлөвлөгөөний дагуу нүүрсээ гурван янзаар баяжуулна. Нэгдүгээрт, Монголд "Энержи Ресурс” комани болон хуурай болон баяжуулахаар угаадаг бусад хоёр үйлдвэр бий. Тиймээс дотоодын компаниудтай хамтран баяжмал гаргах судалгааны ажлыг эхлүүлээд байна. Мөн хилийн цаана, БНХАУ-д маш олон баяжуулах үйлдвэр байдаг. Одоогоор 30 гаруй компанийн үнийн саналыг авсан. Бид ч өөрсдийн үнийн саналыг явуулсан. Нэг тонн хүүрсийг 2-5 доллараар баяжуулна. Ус хомсдож байгаа энэ үед энэ нь их чухал шийдвэр гэж үзэж байгаа. Гуравт, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Чанараас шалтгаалан үнэ нь өөр байх боломжтой. Энэ хүрээнд хуурай баяжмал угаах үйлдвэртэй хамтран ажиллана. Манай ордод хуурай баяжмал угаах хоёр ч үйлдвэр байдаг. Гарц болон технологи нь арай өөр. Бид нэгтэй нь санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд угаах үйлдвэрийнхээ технологийг манай бүтээгдэхүүний орц, бүхэллэг хэмжээнд тохируулах санал тавьсан. Одоогоор гэрээний түвшинд явж байна. Энэ гурван гарцаас хэрэгжүүлнэ.

-Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд энэ онд хувааж болоогүй юм уу?

-2017 онд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад өр буюу "Чалко”-гийн өрийг 75 сая ам.доллар болон бүтээгдэхүүнээр бүрэн дарсан. Хоёрт, Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг барагдуулсан. Одоо зөвхөн хүүгийн өр үлдсэн. Үүнд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Ногдол ашгуудыг нэгтгэн 46.8 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээний ашигтай ажилласан. Үүнийг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгох ашигтай байсан ч эзэмшигчид үүнийг хойшлуулах санал ирүүлж байна. Хувьцааны 20 хувийг олон улсад гаргана. 65 хувийг "Эрдэнэс Монгол”, 14.5 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшдэг. 1072 хувьцааг 2511 мянган иргэнд хуваахаар нэг хүнд 3000 орчим төгрөг ногдож байгаа. Үүнийг ногдол ашиг гэж үзэх үү, компанид төвлөрүүлэн дараа жил илүү ашиг авах уу гэсэн сонголт байсан. Ингэхэд эзэмшигчид компани ашигтай ажилласан дээрээ баталгаажих ёстой, дараа жил ногдол ашиг руу орох хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан.

-1991-1994 онд олгосон цэнхэр, ногоон тасалбарыг ихэнх иргэд арилжсан. Иргэдийг хувьцааны талаар мэдээлэлтэй байлгах ямар ажил хийж байна вэ?

-2018 оны есдүгээр сараас хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Хувьцаа эзэмших, худалдаж авах, ногдол ашгаа хүртэхтэй холбоотой иргэдийн боловсрол сул байдаг юм билээ. Тиймээс иргэдтэй хамтран ажиллах, мэдээлэлжүүлэх ажил хийнэ. Хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээллийн төв байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мэдээллийн төв Улаанбаатар болон Өмнөговьд байрлах болно. 1072 хувьцаа хаана бүртгэлтэйг мэддэгүйгээс иргэдийн дунд төөрөгдөл байсан. Одоо "Эрдэнэс Тавантолгой” компаниас авах боломжтой болж байгаа. 2511 сая иргэнээ бүртгэсэн болохоор тэдэнд хувьцааны талаар мэдээллийг сонирхсон хугацаанд нь олгоно.

-Энэ онд хэдэн төгрөгийн ашигтай ажиллах вэ?

-Бид 2018 онд 540 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүн дээр бусад үйл ажиллагааны орлого нэмэгдэнэ.

-2.5 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа юм байна. Гэтэл Монгол Улс 3.3 сая хүн амтай. Аль хэсэгт нь хувьцаа олгосон юм бэ?

-УИХ-ын тогтоолоор төр, иргэн, аж ахуйн нэгж, олон улсын зах зээлд 20 хувийг олгохоор заасан. Үүний дагуу төрсөн он сараар заасан байдаг. Энэ хүрээнд хувьцаа эзэмшиж байгаа. Зарим иргэн хувьцаагаа өндөр насны тэтгэврээр, оюутны сургалтын төлбөрөөр хувьцаагаа урьдчилж авсан, хэсэгчилж зарсан байдаг. Энэ хүрээнд хувьцаа эзэмшигчид цөөрсөн байдаг. 2511 мянган иргэн гэдэг нь манай дээр бүртгэлтэй байгаа иргэдийн тоо. Зарим дутуу бүртгэлтэй, орхигдсон, өөрийн идэвхгүйгээс оролцоогүй зэргээр хувьцаа эзэмшигчид нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар дансаа нээлгэсэн 600 мянган иргэн байна. Тиймээс үлдсэн иргэн нь дансаа нээлгэх, брокер, дилерийн газар бүртгүүлэх хэрэгтэй. иргэдийн өөрсдийн оролцоо хэрэгтэй байгаа.

-Шинээр төлсөн хүүхдэд хувьцаа олгохгүй гэсэн үг үү?

-Түүнийг Засгийн газар шийдвэрлэнэ.